Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хороон дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй албаны хүмүүс Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа.
Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагын үйл ажиллагаа,бүтэц бүрэлдэхүүн болон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, цахимжилттай холбоотой хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа танилцуулж, нэгдсэн мэдээлэл өгөв. Тухайлбал, Гадаадын иргэн, харьяатын газар нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагад нийт 33 төрлийн үйлчилгээ үзүүлж байгаагаас 15 төрлийн үйлчилгээг үе шаттай цахимжуулж, 43 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн инновацыг үйлчилгээнд нэвтрүүлж төрийн албаны бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор цахим бүртгэл, цахим төлбөрийн систем, 5 хэлний сонголттой цахим сайт болон гар утасны аппликэйшн, шуудан хүргэлт зэрэг шинэ шийдлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн талаар танилцууллаа. Үүний дараагаар Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар виз, оршин суух зөвшөөрөл олголтын үйл ажиллагаатай танилцсан юм.
Үйл ажиллагаатай танилцсаны дараагаар байгууллагын удирдлагуудтай уулзалт хийн, тулгамдаж буй асуудал болон цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр эрхлэх чиг үүрэгтэй холбоотой тодорхой саналуудаа уламжиллаа.
Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар “Гадаадын иргэн, харьяатын газар 1994 онд Гадаадын иргэдийн асуудал эрхлэх орон тооны зөвлөл нэртэй байсан бол одоо бие даасан байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болж үйл ажиллагаа нь бэхэжжээ. Тэр дундаа сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагаагаа цахимжуулж, томоохон шинэчлэлүүдийг хийсэн байна. Энэхүү шинэчлэлийн эрх зүйн үндэс нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт, өөрчлөлт орсон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар бүрдсэн гэж үзэж байгаа. Хуулийг хэрэгжүүлсэн жил гаруйн хугацаанд ажлыг мэргэжлийн түвшинд үр дүнтэй зохион байгуулж, хүнд суртал,чирэгдлийг багасгасан, байгууллагын үндсэн тогтолцоог бий болгосон, хяналтыг ч зохистой түвшинд хэрэгжүүлж сайн ажиллажээ гэж харж байна.” хэмээн онцоллоо. Цаашид энд хөндөгдсөн, тулгамдаж буй асуудлаар тодорхой саналаа нэгтгэн ирүүлбэл бодлогын түвшинд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.