Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газар 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, ололт амжилтаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа өчигдөр /2022.12.21/ зохион байгууллаа. Хуралд байгууллагын удирдлагууд болон тус газрын нийт ажилтан, албан хаагчид танхимаар болон цахимаар оролцсон юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр үйл ажиллагаа, үйлчилгээнд инновац, программ хангамжийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр шим нь иргэд, үйлчлүүлэгчид хүртсэн жил байсныг онцлов. Мөн цаашид судалгаа, эрдэм шинжилгээнд үндэслэсэн ажлуудыг хийнэ. Энэ чиглэлээр гадаад болон дотоодын сургуулиудад магистр, доктороор суралцахыг бүрэн дэмжиж ажиллана гэв.
Энэ үеэр 2022 онд ажил үйлсээрээ хамт олноо манлайлан, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гаргаж, үр бүтээлтэй ажилласан шилдэг хамт олон, албан хаагчдыг шалгарууллаа. 2022 оны байгууллагын “Хөдөлмөрийн аварга”-аар Зөрчил шалган шийдвэрлэх газрын зөрчил хариуцсан хяналтын улсын байцаагч Ж.Золжаргал, Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн А.Дэлгэрсүрэн, Хангалт, үйлчилгээний хэлтсийн сантехникч Х. Батсайхан нар, оны “Тэргүүний нэгж”-ээр Зөрчил шалган шийдвэрлэх газар тодров. Мөн нэгжийн “Тэргүүний албан хаагч”-аар 13 албан хаагч шалгарч, Гадаадын иргэн, харьяатын газрын “Жуух бичиг”-ээр 14 албан хаагч тус тус шагнагдлаа.
Түүнчлэн хамт олондоо төдийгүй өсвөр залуу үеийнхэнд үндэсний түүх соёл уламжлалаа сурталчлан таниулах их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, “Монгол бахархлын товчоо-1” бие даасан оюуны үнэт өвийг бүтээн туурвисныг үнэлж, Баруун бүс дэх газрын Увс аймаг дахь хэлтсийн дарга Х.Адьяаг “ХҮНДЭТ ДЭВТЭР”-т бичиж алдаршууллаа. Алба хаагч та бүхэндээ ажлын амжилт хүсье!