Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Япон улсын элчин сайдын яамны дэд консул, цагдаагийн дэд хурандаа Нокүра Казүхирог өнөөдөр /2023.07.04/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр орны иргэдийн харилцан зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр санал солилцсоноос гадна хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, цаашид олон талын харилцааг идэвхжүүлэх асуудлаар ярилцсан юм.
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Монгол Улсыг зорих гадаадын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор цахим визийн систем нэвтрүүлсэн, мөн виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч, шийдвэрлэн гадаадын иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллаж байгаагаа тодотгоод, Япон улсын элчин сайдын яамтай нээлттэйгээр хамтран ажиллахад бэлэн гэв.
Түүнчлэн Монгол Улсын иргэд олноор оршин суудаг орнуудын Цагаачлалын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж байгааг дурдаад, цаашид Япон Улсын Цагаачлалын байгууллагатай харилцаа холбоо тогтоож хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
Япон улсын элчин сайдын яамны дэд консул, цагдаагийн дэд хурандаа Нокүра Казүхиро “Монгол Улс нь үзэсгэлэнт байгаль, эртний уламжлалт соёл, зан заншил бүхий орон төдийгүй бизнесийн үйл ажиллагаа явуулахад таатай орон гэдгийг Япон Улс иргэддээ үргэлж таниулан сурталчилж байдаг. Хоёр орны иргэд аль аль талдаа саадгүй, аюулгүй, сэтгэл ханамжийн баталгаатай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, ижил чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцаа холбоог улам бэхжүүлж хамтран ажиллахад таатай байх болно” гэсэн юм.