Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

ТИКА-тай хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнг хэлэлцэж, санал солилцлоо

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр Бүгд Найрамдах Турк Улсын Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-ийн Улаанбаатар хот дахь хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаомертай өнөөдөр /2024. 01. 17/ уулзлаа.

Уулзалтаар хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнг хэлэлцэж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцохын зэрэгцээ Гадаадын иргэн, харьяатын газрын мэдээллийн технологийн чадавхийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Бүгд Найрамдах Турк Улсын Хамтын ажиллагаа зохицуулах агентлагт  талархал илэрхийлэв.

Гадаадын иргэн, харьяатын газар, Бүгд Найрамдах Турк Улсын Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-тай хамтран нийт хоёр төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд мэдээлэл, технологийн үйл ажиллагааг сайжруулах төсөл нь байгууллагын цахим шинэчлэл хэрэгжих, гадаадын иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чухал үр нөлөөгөө үзүүлсэн юм. Тухайлбал, Төслийн хүрээнд оршин суух үнэмлэх хэвлэх тоног төхөөрөмж нийлүүлснээр 2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс Гадаадын иргэн, харьяатын газар гадаадын иргэний оршин суух үнэмлэх хэвлэх, олгох үйл ажиллагааг бие даан хэрэгжүүлж, оршин суух үнэмлэхийг олон улсын жишигт нийцүүлж, аяллын баримт бичгийн бүтэц, стандартад нийцүүлэн шинэчилсэн бөгөөд өнгөрөгч онд 33 мянга гаруй оршин суух үнэмлэх хэвлэж олгоод байна.