Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Neguun.mn мэдээллийн цахим хуудаст 2024 оны хоёрдугаар сарын 09-ний өдөр “Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нөлөөлөхүйц олон тооны буюу 100 мянга гаруй БНХАУ-ын иргэн Монгол Улсад ажиллаж, амьдарч байна” гэх агуулгатай мэдээлэл цацагдсан ба Уг мэдээлэл нь ор үндэслэлгүй мэдээлэл болохыг мэдэгдэж байна.
Монгол Улсад 2024 оны хоёрдугаар сарын 01-ний өдрийн байдлаар байдлаар 131 улсын 31502 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал, албан хэргээр 646, хөрөнгө оруулахаар 2878, хөдөлмөр эрхлэхээр 11142, гэр бүлийн зорилгоор 8092, суралцахаар 6445, цагаачаар 1836, түр ирэгчээр 402 гадаадын иргэн байна. Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ-ын иргэд дийлэнх нь буюу 24641, бусад улсын иргэд 6861 байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан. Үүгээр авч үзвэл Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу 106387 гадаадын иргэн, үүнээс нэг улсын иргэн 30 мянга гаруй гадаадын иргэн Монгол Улсад оршин суух боломжтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 0,88 хувь, үүнээс Монгол Улсад хамгийн олон иргэд нь оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0,43 хувь, ОХУ-ын иргэд 0,14 хувь, АНУ-ын иргэд 0,06 хувийг тус тус эзэлж байна.
Гадаадын иргэн, харьяатын газар нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор 2023 онд төлөвлөгөөт 37, төлөвлөгөөт бус 482, нийт 519 хяналт шалгалтыг зохион байгуулж, 218 зөрчлийг илрүүлж, хууль тогтоомж зөрчсөн 24 улсын 395 гадаадын албадан гаргалаа.
Мөн үйлчилгээний олон шат дамжлагыг багасгаж, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хүндрэл чирэгдэлгүй хүргэх зорилгоор 2021 оноос цахимжилтын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Өмнө нь өдөрт 240-520 иргэн биечлэн ирж үйлчилгээ авдаг байсан нь 10-15 болж буурсан. Харин цахимаар үзүүлэх үйлчилгээний тоо нэмэгдэж, өдөрт дунджаар 700-1100 иргэнд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР