Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Пранжаяа Партхыг өнөөдөр /2024. 03. 01/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагаа, албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх зорилгоор БНЭУ-д урт, богино, дунд хугацааны сургалт, хөтөлбөр (ITEC, ICCR)-т хамруулах асуудлаар санал солилцов. Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр хоёр талын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, өнгөрсөн жилүүдэд төв болон боомт, орон нутаг дахь нэгжийн мэдээлэл технологийн инженерүүд, албан хаагчид ITEC хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологийн чиглэлээр БНЭУ-д суралцсан. Энэхүү мэдлэг, туршлага нь Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээг сайжруулах, техник технологийн шинэлэг шийдлүүдийг ашиглан цахимжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг онцолсон юм.
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин Сайдын Яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Пранжаяа “2024 онд зохион байгуулагдах Энэтхэг улсын Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн журамд өөрчлөлт орж, өмнө нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан хүн дахин хамрагдах боломж нээгдсэн. Мөн Монгол Улсын төрийн албан хаагчид олноор хамрагдах боломжийг нэмэгдүүлж, төрийн албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх сургалтын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэн. Үүнээс гадна Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар, Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл /ICCR/-ийн урт хугацааны тэтгэлэгт хөтөлбөрүүдэд төрийн албан хаагчдыг хамруулах, цаашид тоог нь нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжтой” гэдгийг тодотгов.
Түүнчлэн БНЭУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн дараагийн шатууд эхэлж ажиллах хүчний урсгал нэмэгдэж байгаатай холбогдуулан идэвхтэй хамтран ажиллах талаар талууд санал нэгдэв.
Уулзалтын төгсгөлд албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардууллаа.