Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Гадаад улсад цагаачлал, шилжилт хөдөлгөөний чиглэлээр өрнөж буй үйл явдлын 7 хоногийн тойм

Япон Улс

Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Япон Улсын парламент дэмжжээ

 Японы Төлөөлөгчдийн танхим гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэх тухай маргаан дагуулсан хуулийн төслийг хэлэлцэн баталжээ.

Энэ хууль нь хүн ам хөгширч байгаагаас үүдэн ажиллах хүчний хомсдол нүүрлэж буй энэ үед хилийн чанадаас ирсэн ажилтнуудыг шинэ тогтолцооны хүрээнд удаан хугацаагаар оршин суухыг урамшуулах зорилготой юм.

Уг хөтөлбөр нь гадаадын дадлагажигчдыг тодорхой мэргэшсэн түвшинд хүртэл гурван жилийн хугацаанд хөгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд уг түвшинд шилжсэнээр тав хүртэлх жилийн хугацаанд оршин суух боломжийг олгох юм.

Хуулийн төсөлд, гадаадын ажилчдыг аливаа байгууллагад нэг жилээс дээш хугацаагаар ажилласан тохиолдолд тодорхой нөхцөлүүдийн дагуу нэг бизнесийн салбарын хүрээнд өөр өөр ажлын байранд шилжин ажиллах боломжийг тусгажээ. Ерөнхий сайд Кишида Фүмиогийн Засгийн газраас өргөн барьсан уг хуулийн төслийг 06 дугаар сарын 23-ыг хүртэл үргэлжлэх парламентын чуулганы үеэр батлах төлөвтэй байна.

Эх сурвалж: Kyodo /МОНЦАМЭ агентлаг/

Бүгд Найрамдах Солонгос Улс

Гадаадын эмч нар Бүгд Найрамдах Солонгос Улсад

ажиллахыг зөвшөөрнө

Эрүүл мэндийн салбарт онц байдал зарласан тохиолдолд эмчлэх эрхийн гадаад лицензтэй эмч нар буюу гадаадын эмч нарт Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах зөвшөөрлийг олгож магадгүй гэдгийг тус улсын эрх баригчид анхааруулжээ. Энэ тухай Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны эх сурвалжаас эш татан Ёнхап агентлаг мэдээллээ.   

Үүний тулд эрүүл мэндийн салбарын хуулиудтай холбоотой дүрэм журмуудад нэмэлт өөрчлөлтүүд оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Мөн Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрөл авах ёстой ба тус салбарт онцгой байдал зарласан тохиолдолд гадаадын эмч нарыг ажиллуулах боломжтой.

Эх сурвалж: https://www.montsame.mn/

 

Япон Улс

Хэт их жуулчин ирж буй тул Фүжи уулын зураг дарах цэгт

торон хаалт хийхээр болжээ

Японы Фүжикавүчико хотын захиргаанаас Фүжи уулын зураг дарах “алдарт” цэгт уулын барааг хааж, торон хаалт хийхээр болсноо мэдэгдэв. Энэ нь хэт их жуулчин ирж, замбараагүй хогоо хаях, бөөгнөрөл үүсэж буйтай холбоотой гэжээ.

2.5 метр өндөр, 20 метр урттай торон хаалт босгох ажлыг эхлүүлсэн байна. Хотын захиргааны ажилтан “Ийм шийдвэр гаргасан нь харамсалтай ч бидний дүрмийг хүндлэхгүй байгаа жуулчдыг зогсоох эцсийн арга” гэсэн байна.

Ковидын цар тахлын дэглэм цуцлагдсанаас хойш Япон Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдсэн. Энэ оны 03 дугаар сард хамгийн их буюу гурван сая жуулчин Япон Улсад аялахаар ирсэн байна.

Мөн Фүжи ууланд авирах жуулчдын тоо нэмэгдсэн тул энэ зунаас эхлэн ууланд авирагчдаас 2000 иен буюу 40 мянга гаруй төгрөгийн хураамж авахаар болсон байна.

Эх сурвалж: The Guardian