Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Япон Улсад цагаачлалын хяналтын тухай хуулийг чангатгажээ
Японы эрх баригчид цагаачлалын хяналтын тухай хуулийг чангатгаж, дүрвэгчийн статус авах хүсэлтийн тоонд хязгаар тогтоон, түүнээс хэтэрсэн хүмүүсийг албадан гаргахаар болсон байна.
Өмнө нь олон удаа дүрвэгчийн статус авах хүсэлт гаргасан гадаадын иргэдийг албадан гаргах арга хэмжээ авдаггүй байсан билээ. Харин одоо хүчин төгөлдөр болж буй өөрчлөлтийн дагуу гурваас илүү удаа хүсэлт гаргах боломжгүй бөгөөд үндэслэлээ тодорхой гаргаж чадаагүй тохиолдолд Япон Улсаас албадан гаргах ажээ.
Япон Улсад орогнол хүсэх хүсэлтийн тоог хязгаарласан шинэ хууль 06 дугаар сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ. Уг хуульд зааснаар, орогнол хүсэгч гурваас дээш удаа хүсэлт гаргасан боловч зөвшөөрөгдөөгүй, оршин суух шалтгаанаа бүрэн тайлбарлаагүй тохиолдолд цагаачлалын алба албадан гаргана. Өмнө нь Японы Засгийн газар орогнол хүсэгчдийг албадан гаргах боломжгүй байсан юм.
Эх сурвалж: Japan Today
Тайландад ирэх жуулчдаас хураамж авахгүй байхаар шийджээ
Тайландад агаарын тээврээр зорчин ирж буй гадаадын жуулчдаас 300 батын (8 орчим ам.доллар) хураамж авахгүй байхаар шийдвэрлэжээ.
Жуулчдаас хураамж авах саналыг анх 2019 онд гаргасан бөгөөд Тайландын өмнөх Засгийн газар 2022 оны 12 дугаар сард баталсан байна. Тухайн үед эрх баригчид хураамжийн хэмжээ аялал жуулчлалын салбарын хөгжилд нөлөөлөхөөргүй бага байх бөгөөд орлогыг байгалийн үзэсгэлэнт газруудыг нөхөөн сэргээхэд зарцуулна гэж мэдэгдэж байжээ. Уг төлөвлөгөө өнгөрсөн оны 06 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх ёстой байсан боловч хойшлуулсан байна.
Өнгөрсөн онд Тайландад 27 сая гаруй гадаадын жуулчин ирсэн нь 2019 онд 40 сая жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбар ДНБ-ий 12 хувийг бүрдүүлж байсан үзүүлэлтээс хамаагүй бага тоо юм. Тайландын эрх баригчдын мэдээлснээр, тус улсад он гарснаас хойш 15 сая жуулчин иржээ. Энэ тоо 2024 оны эцэс гэхэд 35 саяас давах төлөвтэй байна.
Эх сурвалж: The Nation
Шенгений визийн хураамж энэ сард нэмэгдэнэ
Шенгений визийн төлбөр 06 дугаар сарын 11-ний өдрөөс нэмэгдэнэ гэдгийг Европын комисс мэдэгдлээ. Насанд хүрэгчдийн визийн үндсэн төлбөр 80-90 евро, хүүхдийнх 40-45 евро байсан бол удахгүй 12 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтийг Европын комисс гишүүн орнуудын инфляцитай холбон тайлбарлажээ.
Гэхдээ визийн төлбөр нэмэгдсэн ч гэлээ бусад улс орны визний хураамжтай харьцуулахад харьцангуй хямд хэвээр байна. Тухайлбал, Их Британид 134 евро, АНУ-д 185 евро, Австрали 117 еврогийн хураамж авдаг.
Шенгений орнуудад Ирланд, Кипрээс бусад Европын холбооны гишүүн орнууд багтана. Румын, Болгар нь Европын холбооны гишүүн орон мөн ч Шенгений дүрмийг хэсэгчлэн хэрэгжүүлдэг учир бүрэн бүрэлдэхүүн хэсэг нь биш юм. Харин Норвеги, Исланд, Лихтенштейн, Швейцарь улсууд нь Европын холбооны гишүүн биш боловч Шенгений бүсэд багтдаг.
Европын комисс гурван жил тутамд визийн хураамжийг дахин үнэлж, үнийг нэмэгдүүлэх боломжтой. Үүнд инфляцийн түвшин болон гишүүн орнуудын төрийн албан хаагчдын дундаж цалин нөлөөлдөг. Энэ удаагийн өөрчлөлтийг өнгөрсөн оны 12 дугаар сарын 2-нд гишүүн орнууд олонхийн саналаар дэмжиж, 02 дугаар сарын 2-нд үнийн саналыг гаргажээ.
Нэмж дурдахад, Шенгений визний сунгалтын хураамж 30 евро хэвээр байна.
Эх сурвалж: EURO NEWS