Эхлэл      Мэдээ, мэдээлэл    Дэлгэрэнгүй

Цагаачлал, шилжилт хөдөлгөөний чиглэлээр олон улсад өрнөж буй үйл явдлын тойм

Япон Улс

Япон Улс гадаадын иргэдийг тэтгэврийн системд хамруулна

Оршин суух зөвшөөрөлтэй цагаачдын мэдээллийг нягтлан, тэтгэврийн системд хамруулах ажлыг Японы засгийн газар хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэж нэрээ нууцалсан төрийн нэгэн өндөр албан тушаалтан 06 дугаар сарын 17-ны өдөр мэдээллээ. Тодруулбал, Япон Улсад оршин сууж буй гадаадын иргэд өргөдөл гаргах эсвэл ажил олгогчийн бүртгэлээр тэтгэврийн системд хамрагдах боломжтой. Зарим тохиолдолд тэтгэврийн системд хүсэлт гаргагчийн визний мэдээллийг нягтална. Ирэх 10 дугаар сараас эхлэн Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэтгэвэр тогтоолгох  гадаад иргэдийн мэдээллийг оновчтойгоор цуглуулахын тулд тэтгэврийн үйлчилгээний системийг шинэчлэхээр төлөвлөж байгааг эх сурвалжууд мэдээллээ.

Хэрэв гадаадын иргэн тэтгэврийн системд бүртгүүлж амжаагүй бол яамнаас бүртгэл хүссэн албан бичиг авна. Хэрэв бүртгэлтэй иргэн бол тэтгэвэрт шууд хамрагдаж магадгүй. Энэхүү арга хэмжээ нь Япон Улсад байгаа гадаадын бүх оршин суугчдын нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх явдлыг нэмэгдүүлэх зорилготой. Ингэснээр нийгмийн даатгалын тэтгэмж авах эрхийг хангах юм. Японд оршин суух хаягтай 20-59 насны бүх хүн харьяалал харгалзахгүйгээр тухайн улсын тэтгэврийн системд хамрагдана. Үүний дараа 65 наснаас эхлэн тэтгэвэр авах эрхтэй болно. Тус улсын тэтгэврийн хэмжээ 2024 оны 04 дүгээр сараас эхлэн 16,980 иен болсон.

Эх сурвалж: Japan Today

 

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

Хууль бусаар усан хил нэвтрэгчдийг хорино

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн далайн тээврийн шинэ журам хүчин төгөлдөр болжээ. Энэ нь тус улсын усан хилд хууль бусаар нэвтэрсэн гэж үзэж буй гадаадын иргэдийг баривчлах шинэ эрх мэдлийг эргийн хамгаалалтынханд олгож байна. Мөн хил нэвтэрсэн сэжигтнүүдийг 30 хоног, нарийн төвөгтэй асуудал үүсгэсэн тохиолдолд 60 хүртэл хоног баривчлах боломжтой.

Эрх баригчид 2021 онд батлагдсан хуулийн дагуу эргийн хамгаалалтад зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн бол одоо баривчлан хорих эрх олголоо. Энэхүү шинэ журмыг Филиппин улс буруутгаж, Бээжин Өмнөд Хятадын тэнгист хяналтаа бэхжүүлэх гэж оролдож байна гэж үзэв. Учир нь тус хоёр улсын газар нутгийн маргаан үргэлжилсээр байгаа. 2024 оны 05 дугаар сард Филиппиний ерөнхийлөгч  Фердинанд Маркос Жуниор Хятадын төлөвлөгөөг "бүрэн хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж мэдэгдсэн юм. Үүнээс улбаалан Америкийн Нэгдсэн Улсын Энэтхэг-Номхон далайн командлалын албаны хүмүүс хурцадмал байдал улам хурцдаж болзошгүйд санаа зовж байгаагаа илэрхийлэв.

Япон Улсын Засгийн газар бусад орны хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгүйн тулд Хятадын тэнгисийн үйл ажиллагааг анхааралтай ажиглана гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: NHK Japan

 

Америкийн Нэгдсэн Улс

Хагас сая цагаач Америкийн Нэгдсэн Улсын иргэншил

авах боломжтой болжээ

Америкийн Нэгдсэн Улсад хууль бусаар оршин сууж байгаа, албан ёсоор албадан гаргах гэж буй, Америкийн Нэгдсэн Улсын иргэнтэй гэрлэсэн хэдэн зуун мянган гадаадын иргэдэд өршөөл үзүүлэхээ Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдлээ.

Хууль бус цагаачлал нь Америкийн Нэгдсэн Улсын сонгуулийн кампанит ажлын хамгийн чухал асуудлуудын нэг болоод байгаа юм. Бүгд найрамдах намын дэмжигчдийн 90 гаруй хувь нь хууль бус цагаачлалыг тус улсын үнэт зүйлс, амьдралын хэв маягт учирч буй гол аюулуудын нэг гэж үзэж байгааг олон нийтийн санаа бодлын талаар судалгаа хийдэг “Гэллап” хүрээлэнгээс 2023 онд явуулсан судалгаа харуулжээ. Аль намыг дэмжихээ хараахан шийдээгүй байгаа оролцогчдын 54 хувь нь, Ардчилсан намыг дэмжигчдийн 29 хувь нь үүнтэй санал нэг байна. 

2024 оны 05 дугаар сарын сүүлчээр Жо Байден Америкийн Нэгдсэн Улс-Мексикийн хилээр нэвтэрч буй цагаачдын урсгалыг хязгаарлах зорилготой тогтоол гаргасан юм. Америкийн Нэгдсэн Улсын хилээр хууль бусаар нэвтэрсэн хүмүүст орогнол хүсэхийг хориглох боловч энэхүү арга хэмжээ өмнөд хилийн "ачаалал багасах" хүртэл хэрэгжинэ гэж гэж тэрбээр мэдэгдсэн. Ийм тогтоол гарснаар цагаачлалын албаны ажилтнууд цагаачдын оршин суух хүсэлтийг хүлээн авахгүйгээр албадан гаргах эрхтэй болжээ.

Харин энэ удаад Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн засаг захиргаа тус улсад 10-аас доошгүй жил оршин суусан, Америкийн Нэгдсэн Улсын иргэнтэй гэр бүл болсон хүмүүст түр ажиллах зөвшөөрөл олгох замаар дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргажээ. Америкийн эрх баригчдын үзэж байгаагаар, 500 мянга гаруй хүн шинэ журмын давуу талыг ашиглах боломжтой. Энэхүү шинэ бодлого нь мөн эцэг, эх хоёрынх нь аль нэг нь Америкийн Нэгдсэн Улсын иргэнтэй гэрлэсэн хууль бус цагаач, 21-ээс доош насны 50 мянган залуугийн нөхцөл байдлыг сайжруулна гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн эл санаачилга нь Америкийн Нэгдсэн Улсад хууль бусаар ирсэн хүүхдүүдийг албадан гаргах хугацааг хойшлуулах тухай Барак Обамагийн санаачилсан хөтөлбөрийн дараа орох цагаачдад туслах хамгийн том хөтөлбөр болж байгаа ажээ.

Хүүхэд байхдаа Америкийн Нэгдсэн Улсад ирсэн 530 мянга гаруй цагаачийг албадан гаргахаас хамгаалсан тогтоол гарсны 12 жилийн ой энэ жил тохиож байна.

Эх сурвалж: BBC

 

Бүгд Найрамдах Солонгос Улс

Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар долоо хоногт

ажлын 4 өдөртэй болох эсэхийг хэлэлцэнэ

Өмнөд Солонгос улсын Засгийн газар долоо хоногт ажлын 4 өдөртэй байх эсэх тухай асуудлыг ажилтан, ажил олгогчтой хамтарсан уулзалтаар хэлэлцэхээр болжээ.

Тус шийдвэр нь ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг сайжруулах, уян хатан байлгах зорилготой аж. Энэ 06 дугаар сарын сүүлийн баасан гарагт дээрх асуудлыг хэлэлцэх анхны уулзалтыг зохион байгуулсан байна. Уулзалтад ажилтнуудын талыг төлөөлж Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогчийг төлөөлж Аж ахуйн нэгжүүдийн холбоо болон бусад бизнесийн бүлгүүд оролцсон аж.

2022 оны судалгаагаар солонгосчууд дунджаар 1901 цаг ажилласан гэж гарчээ. Энэ нь Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас тогтоосон цагаас 149 цагаар их хугацаа юм. Одоогоор тус улсад долоо хоногт ажиллах цагийг 52 цагаар тогтоож, 40 нь үндсэн цаг, үлдсэн 12 нь илүү цаг байх хуулийн зохицуулалт үйлчилж байна.

Ерөнхийлөгч Юн Сог Ёль 2023 оны 03 дугаар сард дээрх зохицуулалтыг гаргасан байдаг. Энэ оны 04 дүгээр сард болсон парламентын сонгуульд сөрөг хүчний Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө долоо хоногт ажлын 4.5 өдөр байхаар тусгах тухай амласан юм.

Эх сурвалж: The Korea Times