Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чой Жин Воныг өчигдөр (2024.07.08) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Элчин сайдаар томилогдож, үүрэгт ажилдаа орсонд баяр хүргээд цаашдын хамтын ажиллагаа, хоёр орны иргэдийн зорчих таатай нөхцөлийг бүрдүүлэх талаар харилцан санал солилцсон юм. Түүнчлэн Монгол Улсын иргэдэд виз олголтыг хөнгөвчлөх, БНСУ-д албан ажлаар болон бусад зорилгоор олон удаа зорчиж буй Монгол иргэдийн виз шалгах хугацааг богиносгох, цахимаар виз мэдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой эсэх талаар тодорхой саналуудыг Элчин сайд Чой Жин Вонд уламжлав.
Элчин сайд Чой Жин Воны зүгээс Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох” жилээр зарласантай холбогдуулан аялах зорилгоор зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг визийн шаардлагаас түр чөлөөлж, Монгол Улсад зорчих боломжийг бүрдүүлж, манлайлал үзүүлсэнд талархал илэрхийлэв. Мөн цаашид хоёр улсын эдийн засгийн бодит хамтын ажиллагааг дэмжих, хоёр орны иргэд харилцан тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд анхаарч, хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.