Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөрийн зохицуулагч Али Муслуг өчигдөр /2024.09.18/ хүлээн авч, танилцах уулзалт хийлээ. Уулзалтаар Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлагтай хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Гадаадын иргэн, харьяатын газар нь Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг (ТИКА)-тай хамтран “Immigration Printing”, “Цагаачлалын байгууллагын мэдээллийн технологийн чадамжийг сайжруулах төсөл” зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм. Төсөл хэрэгжсэнээр гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх цахим үйлчилгээний тоо нэмэгдэж, үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдсэн. Мөн төсөл хэрэгжихээс өмнө жилдээ 25,000 орчим оршин суух үнэмлэх олгоно гэж урьдчилан тооцож байсан бол төсөл хэрэгжиж эхэлснээр буюу өнгөрсөн 2023 онд 42,000 гаруй оршин суух үнэмлэх хэвлэж, оршин суух үнэмлэх хэвлэлт 1,6 дахин өссөн үзүүлэлттэй байгааг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н. Ууганбаяр онцлов.
Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Э. Ганзориг, Гадаад харилцаа, судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Р. Билгүүн нар оролцлоо.