Эхлэл Мэдээ, мэдээлэл Дэлгэрэнгүй
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж. Золжаргал, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж. Галбадрах нар өнөөдөр /2024. 09. 26/ Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж, үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, байгууллагын үйл ажиллагааны цахимжилт болон үйл ажиллагааны тоон мэдээлэл, цаашид хэрэгжүүлэхээр зорьж буй арга хэмжээний талаар танилцууллаа. Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газраас гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлдэг виз, зөвшөөрлийн үйлчилгээг 2024 онд бүрэн цахимжуулсан ба 2021 оноос хойш нийт 300 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлжээ. Ингэснээр өдөрт дунджаар 240-520 иргэн биечлэн ирж үйлчлүүлдэг байсан нь 5-8 болж багассан, 100-150 хүсэлтийг цаасаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 900-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэлтийн тоо нэмэгдсэн зэрэг эерэг өөрчлөлтүүд гарсан төдийгүй энэ тоогоор иргэдийн ирж, очих хөдөлгөөн багасаж, иргэдийн цаг хугацаа, зардалд ч тодорхой хэмнэлт гарч байгааг дурдлаа.
Түүнчлэн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр хандаж, шууд виз мэдүүлэх боломж бүрдсэнийг онцлов.
Үүний дараагаар гадаадын иргэний виз, оршин суух зөвшөөрөл олголт болон Зөвлөгөө мэдээллийн төвийн үйл ажиллагааг танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж. Золжаргал, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж. Галбадрах нар Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцсаны дараагаар санал бодлоо хуваалцан, үйл ажиллагааны цахимжилтыг илүү төгөлдөржүүлэх, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх чиглэлийн ажлуудад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн.